Monday, December 8, 2025

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

 

Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи - Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ. 

Монгол улсын Ардын багш, УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит "АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 сарын 05-ны өдөр 12 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 26, докторантын 8, нийт 34 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 12 илтгэлийг 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нар ажиллав.

Зочин илтгэгчээр АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан “Дархлаа тогтолцооны нууц: Т зохицуулагч эс”, АУ-ы доктор У.Удвал “Aberrant activation of IL-6/JAK/STAT3/FOSL1 signaling induces renal abnormalities in a Xenopus model of Joubert syndrome-related disorders”, Монгол улсын Ардын багш, профессор И.Пүрэвдорж нар “РНХ интерференци” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ.

"АЛХАМ УРАГШ 2025" хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн үзүүлэлт болон бэртлийн эрсдэлийг тодорхойлсон дүн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач М.Жадамба, магистрантын төрөлд “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч PM 2.5-ын түвшин ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг харьцуулсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач Б.Ичинхорлоо, ханын илтгэлийн төрөлд “Danio rerio загасны хөврөлийн хөгжилд хромын нөлөөг судалсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач О.Бүжинлхам нарын илтгэл шалгарлаа. 

Илтгэлийн хураангуйг бэлтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой. 

Холбоос: 

Хурлын хураангуйн линк 

"АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Г.Явуухулан захиралтай "Bonavita" ХХК, Ц.Халиун захиралтай “Аялуун фарм” ХХК, Л.Баярсайхан захиралтай “Протлаб” эмнэлзүйн лаборатори, Б.Очбадрах захиралтай "FORMORE" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.



No comments:

Post a Comment